УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар манай сургууль дээр ирж ажиллалаа.

БСШУС-ын сайд БЗД-ийн 102 дугаар сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ.

Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Багш нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлагын зүгээс зарим сургууль цэцэрлэгт халаалт дулаан, урсгал болон их засварын ажил тулгамдаж байгааг дуулгалаа. Ерөнхий боловсролын 102 дугаар сургууль гэхэд өвөлдөө 14 хэмийн дулаантай танхимд сурагч багш нар өвлийн хувцастайгаа хичээллэдэг гэлээ. Хэдийгээр өнгөрсөн онд дүүргээс спорт заалны дээврийг 100 гаруй сая төгрөгөөр засварласан боловч нөхцөл байдал дээрдээгүй. Иймд хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн барилгын дулаан алдагдлыг шийдвэрлэх асуудал тулгамдаж байна. Халаалт дулааны асуудалтай сургууль үүнээс гадна хэд хэд байна.

Мөн багш нарын ачаалал, бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс гаргуулах, сургуулийн автобустай болох, сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой саналаа сайдад уламжиллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх асуудлуудад тодорхой хариулт өглөө. Сурагчдад сурах таатай орчин нөхцөл бүрдүүлэхээс эхлээд хөрөнгө оруулалт халаалт дулаан зэрэг бүгдийг зөвхөн яамны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй. Нийслэл, дүүргийн төсвөөр тодорхой хувийг шийдвэрлэх ёстой. 4 салбарын хэмжээнд 147 тэрбум төгрөгийн засварын санал ирсэн ч төсөвт 3 тэрбум төгрөг тавигдсан. Тиймээс нарийн судалгаатай, төсөв тооцоотой нэн шаардлагатай ажилд засварын мөнгийг хуваарилна гэлээ.

Энэ ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргахыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ш.Дашдэмбэрэлд үүрэг болголоо.

 Утас

Гар утас : 70155666, 70155699
Email : hongoroo4504@gmail.com

 Хаяг

БЗД 27-р хороо Сэлбийн 1-р гудамж
Нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC